Нарны энерги нь усыг ууршуулах ба халсан агаар дээш дэгдэж, харьцангуй өндөрт конденсацлагдана. Уур конденсацлагдах явцад ихээхэн хэмжээний дулаан ялгарч, тропикийн циклон үүсэх үндсэн нөхцөл болно. Улмаар Дэлхийн татах хүч, эргэлтийн нөлөөгөөр тропикийн циклон нь босоо чиглэлд асар том дулааны хөдөлгүүр болж хувирах[1] ба аажимдаа цагираг хэлбэртэй болно. Энэ эргүүлэг задарч (burst), доод хэсэг нь газрын гадаргууд хүрэхэд, үүнийг "тропикийн өөрчлөлт" ("tropical disturbance") гэж нэрлэнэ.
Салхины хурд 40 км/цаг-с их бол "тропикийн дипресс" ("tropical depression"), 60 км/цаг, түүнээс их болвол "тропикийн шуурга" ("tropical storm") гэж нэрлэнэ. 120 км/цаг-с их хурдтай шуургыг "хар салхи", "тайфун" зэргээр нэрлэнэ. Тропикийн циклон нь Атлантын далай, Номхон далай, Энэтхэгийн далай, Дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагасын зарим газарт үүснэ.
Тропикийн циклоны эргүүлэг нь Кориолисын эффектээр үүсдэг учир, экватор орчим хааяа бий болдог үзэгдэл юм. Харин хүйтэн устай, хуурай агаар бүхий бүс нутагт үүсэхгүй.
Атлантын далайд жилд 10 орчим хар салхи тохиолдох ба Төв Америк, Мексик, АНУ, Канад, Бермудын арлууд, Карибын арлуудыг дайрдаг байна. Ихэнхи хар салхи нь 6-11 сарын хооронд үүснэ[2].
Зүүн хойд Номхон далайд жилд дунджаар 16 хар салхи үүсэх боловч ихэнхидээ эх газарт хүрэхгүй. Ховор тохиолдолд, Мексик, Төв Америк, Калифорни, Хавай хүрэх ба ихэвчлэн 5-11 сард тохиолдоно.[3].
Баруун хойд Номхон далайд дунджаар 27 хар салхи үүсэж, Япон, Хятад, Хойд ба Өмнөд Солонгос, Тайвань, Филиппин, Номхон далайн бусад арлуудыг дайрна. Үндсэндээ жилийн бүх улиралд хар салхи үүсэж байдаг байна[2].
Хойд Энэтхэгийн далайд дунджаар 6 хар салхи үүсэж, Энэтхэг, Бангладеш, Пакистан, тэдгээрийн ойр орчмын бусад улсуудыг дайрна. Мөн жилийн бүх улиралд үүсэж болно[2].
Өмнөд Энэтхэгийн далайд 21 хар салхи үүсэж, Австрали, Индонез, Мадагаскар, Өмнөд Африк хүрнэ. Ихэнхи циклон 10-5 сар үзэгдэнэ[2].
Баруун өмнөд Номхон далайд 10 хар салхи үүсэж, тэр орчмын Номхон далайн арлууд, Австрали, Шинэ Зеландыг дайрна. 10-5 сард тохиолдоно[2].
Тропикийн циклон сарних хэд хэдэн шалтгаан байна. Хэрэв циклон эх газарт хүрвэл далайгаас холдох тул чийгээ алдан, улмаар эрч нь сулран зогсдог байна[4]. Зарим тохиолдолд илүү хүчтэй, том тропикийн циклонтой нэгдэнэ. Эсвэл харьцангуй хүйтэн ус бүхий далайд хүрч, "тропикийн бус циклонтой" нэгдэж болно. Дээрхи тохиолдолд эдгээр циклонуудын салхины хүч, хурд, чиглэл нь өөр байх тул систем задарч, сарнидаг байна.Тропикийн циклонууд нь оноосон нэртэй байна. Салхины хурд 62 км/ц хүрэхэд Дэлхий цаг уурын холбооноос нэр өгнө.
Атлантын далайд үүсэх хар салхийг нэрлэдэг 21 жагсаалт байна. Эдгээр жагсаалт нь Ром цагаан толгойн үсэг тус бүрээр (Q, V, X, Y, Z бусад) эхэлсэн байх ба Англи, Испани, Франц хэлний, эмэгтэй, эрэгтэй нэр ээлжилсэн байна. 6 жил тутамд энэ жагсаалт давтагдах ба ихээхэн хохирол учруусан хар салхины нэрийг дахиж ашигладаггүй, оронд нь шинэ нэр оруулна[5].
Дэлхий бусад хэсэгт үүсдэг циклонуудыг мөн үүнтэй төстэй системээр нэрлэдэг.
Тропикийн циклон, ялангуяа хар салхи эх газарт хүрэхэд ихээхэн хэмжээний хохирол учруулна. Тропикийн циклон нь хүчтэй салхи, шуурга, ширүүн аадар бороо, заримдаа торнадо үүсгэнэ. Нийт хохирлын 83% хүртэлх нь салхинаас үүддэг гэсэн тооцоо байдаг[6]. Хүчтэй азарган борооны улмаас үүсэх үер ихээхэн хохирол үзүүлнэ.[7]. Мөн циклоны нөлөөгөөр далайн усны төвшин ихсэх өөрөөр хэлбэл хүчтэй шуурганы нөлөөгөөр үүсэх том давалгаа нь их хохирол учруулах ба амь эрсдсэн хүмүүсийн 90% нь энэ гамшигт нэрвэгдэн нас бардаг байна[7].
Хар салхи дайран өнгөрсний дараа ч бас хохирол үүсдэг байна. Жишээлбэл Катрина хар салхины дараа бохирдсон үерийн ус зарим төрлийн халдварт өвчин үүсгэж байсан байна[8].
No comments:
Post a Comment